Wednesday, November 6, 2013

Амжилтын түүх №10

Posted By: kuzko - November 06, 2013

Share

& Comment


ИСААК АЗИМОВ
 Уран зөгнөлийн хаан
Дэлхийн хамгийн мэдлэгтэй хүний тоонд орох Исаак Азимов саятан билээ. Гэхдээ түүнийг бизнесмен гэж нэрлэвэл бүдүүлэг хэрэг болно. Тэрбээр 40 жилийн турш америкийн зөгнөлт уран зохиолд ноёлсон. `Түүнээс гадна шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн хаан.  1990 оны 1 дүгээр сарын 2-нд 70 нас хүрэхдээ 445 ном бичиж, редакторлаж нийтлүүлсэн, 20 гаруй ном нь хэвлэлд бэлтгэгдэж байв. Азимовын ядаж ганц номны сэдэв болоогүй мэдлэгийн салбар   ховор.   Физик,   одон   орон,   геологи, газарзүй,   биологи,   математик,   түүх, кибернетик, мэдээллийн технологи, зөв хооллох ухаан, уран зохиол, библи судлал зэрэг шинжлэх ухааныг тэр сайн мэддэг билээ. Мөн хошин шог, шүлгийн ном гаргасан. 1600 хуудас, хоёр ботьтой намтраа хэвлүүлсэн. Зарим нь Азимов 110 номыг бичээгүй, редакторласан шүү дээ гэдэг. Гэвч ажлыг хийсэн шиг хийдэг Азимов маш чамбай редакторладаг нь ач холбогдлоор хэн нэгний ном бичдэгтэй тэнцэнэ. Тэгээд ч 335-ыг бол цэвэр өөрөө туурвисан байлаа. Азимовын номууд бүхэл бүтэн номын сан болно. 84 хэлээр орчуулагдаж гарсан. Нэг ном нь дунджаар  11 удаа хэвлэгдсэн. Ном болохоосоо өмнө хэсэг хэсгээрээ сонин сэтгүүл дээр гараад амжчихдаг.  Түүний зохиолыг уран сайхны,  баримтат кинонд ашиглаж,  түүвэрт оруулж,  элдэв  арга хэмжээ,  рекламанд  хэрэглэсэн нь  цөөнгүй. Редакторласан номноосоо ашгийн жинтэй хувийг авдаг. Азимов гэсэн нэртэй номонд сурталчилгаа их ирдэг. Тэр янз бүрийн шагнал авсан нь тоолж баршгүй. Энэ бүхний  дүнд Исаак дэлхийн хамгийн баян зохиолчдын нэг болжээ. Хийдэг цорын ганц ажил нь бичих. Хэдий завандаа уншиж, нэвтэрхий толь мэт болсон хэрэг вэ гэж уншигч гайхаж магад. Хэргийн учир гэвэл тэр бичихдээ уншиж, уншихдаа бичдэг. Асар хурдан туурвидаг нь түүний атаархам онцлог. "Сатердей ивнинг пост" сэтгүүл өгүүллэг хүсээд тэр дороо 1600 үг авахдаа, бэлэн юм байсан биз гэж таамаглажээ. Гэвч зохиолч хоёр цагийн дотор цоо шинэ өгүүллэг бичсэн байв. Исаакийн хувьд мөнгө хөөсөндөө ч юм уу, нүд хуурч ажиллана гэж байдаггүй. Бичих дуртай, бичих бол аз жаргал гэж боддог, тэгээд л гүйцээ. Бичнэ гэдэг түүний ажил, амралт, хобби. Хааяа нэг зугаагаа гаргах гэж унших бөгөөд, тэгэхдээ зөвхөн детектив барьж авдаг, харин уран зөгнөлийг сонгодоггүй гэнэ. Мань хүн өөрөө ч цөөнгүй детектив бичсэн. Детектив бол зохиолч, уишигчийн аль алины хувьд сэтгэлгээний гимнастик болно гэж хэлсэн удаа бий. Өглөөний   7   цагт  ширээний  ард   суугаад,   унтталаа  бараг  хөндийрдөггүй.   Гэрээс төдийлөн гардаггүй, Нью-Йоркоос өөр газар очиж үзээгүй гэхэд хилсдэхгүй. Цаасан дээр бичилгүй удсан тэр хэвлэх газар луу номоо компьютерээсээ л илгээдэг. Ажилд нь саад учрах вий гэж маш их айна. Тиймээс нэг зүйл эвдрэх юм уу, болохоо байлаа гэхэд хэрэглэх нүсэр нөөцийг бэлэн байлгадаг. Сансар огторгуйн тухайн их бичсэн тэр   өндрөөс, орон зайнаас айдаг. 33-р давхарт байдаг сууцныхаа тагтан дээр огт гардаггүй. Тэгсэн атлаа өөр газар нүүж очьё гэх нь юу л бол. Ахуйн аливаа өөрчлөлтийг дурамжхан хүлээж авдаг. Хуралд оролц, шагнал, эрдмийн зэргээ ав гэсэн урилгууд татгалзсан хариугаар төгсдөг. Учир   нь   гэрээсээ   1   хоногоос   илүү хугацаагаар   явахгүй   гэсэн   хуультай.   Мөн автомашинаас өөр унаанд суухгүй гэдэг. Энэ нь орон зайнаас айдгаас үүдсэн гэнэ. Супер зохиолчийн статус Азимовыг гаж араншинтай болгосон ч, ширээнийхээ ард л сууж байвал тэр хамгийн аз жаргалтай байдаг ажээ. Исаак Азимов зөвлөлтийн зохиолч байж болох л байсан. Смоленскоос 90 км хол орших Петровичи хотхонд төрсөн нь үнэн билээ. Америк руу яваагүй бол 445 байтугай, 40
ном хэвлүүлж чадахгүй байсан. Зөвлөлтөд 10 номоо хэвлүүлбэл дээдийн заяа гэгдэнэ. Бас шинжлэх ухааны уран зөгнөлийг үзэл сурталчид ойшоодоггүй байв. Тэгэхлээр Азимов гэдэг нэр дэлхий даяар алдарших байсан уу, үгүй юу. Исаакийн авга ах Нью-Йоркийн Брүклинд дажгүй төвхнөөд дүүгийнхээ гэр бүлийг цагаачлан ир  гэж дууджээ.  Энэ  нь  осолтой хэрэг байв.  Аягүйдвэл социалист эх орноосоо урвалаа гэж яллагдаж ч мэднэ.  Удаан эргэлзсэний эцэст явах шийдвэр гаргахад Исаак 3 настай байжээ. Нагацын зээллэгээр тэднийнх чихрийн дэлгүүр нээсэн нь хэвлэлийн мухлагтай байлаа.
Тэндээс сонин сэтгүүл авч сонирхох гэхэд аав нь хүмүүжилд муугаар нөлөөлнө хэмээн хатуу хориглож, зөвхөн хичээлээ давтаж, танин мэдэхүйн ном уншихыг л шаардана. Хожим шинжлэх ухааны сэтгүүлийг мөн зөвшөөрчээ. Эцгийн цензүр хүүгийн оюун ухааны хөгжилд нөлөөлсөн нь лавтай. Исаак өдгөө ч телевиз, сонинд огт анхаарал хандуулдаггүй бөгөөд зөвхөн эрдмийн сэтгүүлээр хэвлэл мэдээллийг төлөөлгөдөг. 18-тай, Колүмбийн их сургуульд сурч ахуйдаа анхны өгүүллэгээ нийтлүүлжээ. Биохимиэр мэргэжиж, Бостоны их сургуулийн багш болов. Докторын диссертаци хамгааллаа. Уран зөгнөлд зугаа гаргах маягаар хандаж байв. Гэтэл өөрийн уншигч фэнүүдтэй болсныгоо мэдээд алмайран гайхлаа. Тэдний олон тооны хүсэлт номоо гаргах бодлыг төрүүлжээ. 1950 онд хоёр боть зөгнөлөө хэвлүүлж, яггүй амжилт олов. Эрдэмтэн болно, нээлт хийнэ гэсэн эрмэлзэл Исаакийг 1958 он хүртэл лабораториос салгаагүй нь харамсалтай ч юм шиг. Химийн судалгаанд их цаг хүчээ зарсан ч санасан үр дүнд хүрсэнгүй. Улам бүр сэтгэлийг эзэмдэн буй уран зөгнөлд орьё гэж хатуу шийдэж, эртхэн ингэх минь яав хэмээн харамссан мөч нэгэн сайхан нартай өдөр тохиожээ. Азимов зөгнөлт зохиолоор л алдаршсан нэгэн. Анх роботуудыг сайн сайхнаар дүрсэлсэн хүн. Робот, компьютер нийгмийн олон тулгамдсан хурц асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг. Түүний зохиосон роботтехникийн гурван хууль уншигчдын сэтгэлд баттай хоногшсон.
1.         Робот хүнд хор хөнөөл учруулах буюу, эсвэл хүнд учрах хор хөнөөлтэй эвлэрэх ёсгүй.
2.         Эхний хуультай зөрчилдөхөөс бусад тохиолдолд хүний өгсөн бүх тушаалыг иелүүлнэ.
3.         Эхний болон хоёрдахь хуультай зөрчилдөхөөс бусад тохиолдолд робот
өөрийгөөхамгаалах эрхтэй.
1942  онд  нэгэн  өгүүллэгтээ  санал  болгосон  энэ  хуулиудыг  уран  зөгнөлийн  бүх зохиолчид хүлээн зөвшөөрчээ. Энэ л хуулиудад захирагдах роботуудыг хийх учиртай гэдэг нь термодинамикийн хуулиуд шиг л хөдөлшгүй үнэн болсон юм. 1941 онд 6 ботит Үндэс романаа эхэлжээ. Галактикийн хоёрдахь гүрний зохиолч анхны гүрний тухай бичиж буй маягаар бүтээсэн. Эхний 3 боть 1953 онд гарч дууссан. Гэтэл 30 жилийн дараа,  1983 оноос эхлэн ахин 3 боть бичиж хэвлүүлсэн юм. Үүнийгээ үргэлжлүүлэхгүй гэсэн тул Даблдэй хэвлэлийн газар зохих эрхийг Азимовоос худалдан аваад, өөр зохиолчоор дараагийн ботиудыг бичүүлж буй гэнэ.  Шинжлэх ухааны уран зөгнөлийн хаан. Энэ бол Азимовын нэг л цол юм. Тэр бас шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн хаан билээ. 1957 онд ЗХУ хиймэл дагуул хөөргөснөөс хойш Америкийн засгийн газар аливаа эрдэм мэдлэг дэлгэрэхийг ихэд хөхүүлэн   дэмжиж, хүмүүс ч   урам    зоригтойгоор    эзэмшиж   байсан.    Чингэхэд хялбаршуулмал   зохиол   амжилтолно   гэждүгнээд,   Азимов   шинэ   жанр   луу   ажил хэрэгчээр дайрав. Жилд хорь гучин хялбаршуулмал ном бичиж байсан ч удаатай. 1973   онд  тэрбээр  өөрийг  нь  бишрэн  шүтэгч эмэгтэй Жанеттэй  гэрлэсэн.  Жанет Жеппсон мен зөгнөлт зохиолч бөгөөд хүүхдүүдэд зориулан бичдэг. 14 ном нь амжилт олсон. Авааль ханийн хувьд нөхрийнхөө бүтээл туурвилд тааламжтай бүх нөхцөлийг бүрдүүлжөгдөг. 70 насныхаа ойг даруухан тэмдэглэхдээ Азимов:

-Эцэг эх маань 70 гараад өөд болсон. Тэгэхлээр миний амьдралын сүүлчийн жилүүд эхлэв бололтой. Үүнийг ухамсарласны дүнд ажил хэрэгч байдлаа нэмэгдүүлж чадна гэж бодож байна. Би ер нь сэтгэлдээ хүрэх хэмжээнд хэзээ ч ажиллаж байгаагүй гэжээ.

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy