Tuesday, July 23, 2013

За удахгүй хичээл орно шинэ оюутан, шинэ оюунтан танд зориулан Реферат, ангийн ажил бичих зааварчлагаа орууллаа.
Ангийн ажил, реферат бол сургах үйл ажиллагааны явцад тухайн хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил, бие даан ажиллах чадвар зэргийг үнэлэх завсрын хяналтын нэг арга хэлбэр юм. Эдгээр нь суралцагч хичээлийн явцад олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан өгөгдсөн сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлж, түүнийгээ шинжлэх ухааны онол аргазүйн үүднээс боловсруулан шийдвэрлэж, бичгийн хэлээр илэрхийлэн дүгнүүлэх хэлбэрүүд билээ. Оюутнуудын асуудал шийдвэрлэх, бичгээр илэрхийлэх чадварыг төгсөлтийн ажил, ангийн ажил, хяналтын ажил, эссе, реферат, судалгааны тайлан бичүүлэх, гэрийн даалгавар шалгах гэх мэт олон хэлбэрээр шалгах боломжтой. Эдгээрийн дотроос зөвхөн ангийн ажил ба рефератыг хэрхэн бичих талаар авч үзье.

Реферат ба ангийн ажил бичүүлэх нь юуны өмнө хэд хэдэн давхар зорилготой байдаг. Үүнд:
• Тухайн хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бататгах
• Бие дааж онол практикийн тодорхой асуудлыг судлах, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгох
• Шинжилгээ судалгааны арга технологийг эзэмших дадал чадвар олгох
• Бичиж боловсруулах ажлын ур чадварыг дээшлүүлэх
• Оюутны мэдлэг ур чадварыг нарийвчлан шалгаж, үнэн зөв үнэлгээ өгөх
Сургалтын практикт ангийн ажил, рефератын сэдвийг тухайн хичээлийг заасан багш гаргаж, суралцагсдад хүргүүлнэ. Рефератыг тухайлсан нэг сэдвээр эзэмшсэн мэдлэгийг шалгахад, харин ангийн ажлыг тодорхой хичээлээр эзэмшсэн мэдлэгийг шалгахад ашигладаг. Ангийн ажил болон рефератад тавигдах гол шаардлага нь оюутан сонгосон сэдвээ эзэмшиж, онолын зохих түвшинд асуудлаа томьёолж, шийдвэрлэхийг зорьсон байх явдал юм. Шийдвэрлэх арга замын талаар өөрийн саналыг тусгасан байх нь зүйтэй. Суралцагч ангийн ажлыг бичихдээ эхлээд холбогдох ном, зохиол, гарын авалга, сонин, хэвлэлийн материалын жагсаалтыг үйлдэнэ. Ангийн ажил, рефератыг бичих хүрээнд оюутны уншиж судлах материалд хэвлэл мэдээлэл, интернет, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний тайлан, статистик тоо гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно. Эдгээрээс ангийн ажил, реферат бичихдээ сэдвийн хүрээнд эдгээр материалаас чухам алиныг нь ашиглах боломжтой болох, тухайн материалаас чухал аль хэсгийг нь ашиглах, жагсаалтад байгаа материалаа ямар дараалалаар уншиж судлахаа тогтооно. Үүний дараа оюутан тухайн сэдвээ томьёолж, ангийн ажлын ажил реферат бичих төлөвлөгөөгөө боловсруулна.

Ангийн ажил ба реферат аливаа судалгааны ажлын нэгэн адилаар төлөвлөгөө ба үр дүн гэсэн 2 хэсгээс бүрддэг. Шинжлэх ухаан судлалын үүднээс авч үзвэл судалгааны төлөвлөгөөнд дараахь зүйлсийг тусгах шаардлагатай гэж үздэг.
• Тухайн сэдвийн хүрээнд шийдвэрлэх асуудал
• Сэдвийн судалгааны обьект ба предметыг тодорхойлох
• Ажлын зорилго ба зорилтуудыг тодорхойлох
• Шийдвэрлэх асуудлаа шинжлэх ухааны ямар онол, аргазүйгээр тайлбарлахаа тодорхойлох
• Судалгааны таамаглал дэвшүүлэх
• Судалгааны мэдээлэл авах хэлбэрээ тодорхойлох
• Мэдээллийг авах арга, техникээ тодорхойлох
• Дүн шинжилгээ хийх аргаа тодорхойлох
Ийм төлөвлөгөөг боловсруулах нь чухал. Үүнийг сайн хийж чадвал судалгааны ажлынхаа хагасыг л хийлээ гэсэн үг. Тиймээс сайн ангийн ажил реферат бичихийн тулд оюутан сонгосон сэдвийнхээ дагуу ангийн ажил бичих төлөвлөгөөг боловсруулж удирдагч багшдаа танилцуулж, зөвлөгөө авах нь зүйтэй байдаг. Ангийн ажил, рефератыг бичих хүрээнд судалгаа шинжилгээ хийхдээ факт баримтуудыг цуглуулахаас эхлээд онолын тооцооллуудыг хийх хүртэл судалгаа шинжилгээний янз бүрийн аргуудыг хослуулан ашиглавал зохистой. Цуглуулсан материалдаа үндэслэн тухайн асуудлаа шинжилж, асуудлын өнөөгийн байдал, үүнийг өөрчлөх, шинэчлэх, сайжруулж боловсронгуй болгох шаардлага, үүнтэй холбоотойгоор үүсэн бий болох эерэг, сөрөг нөлөөлөл зэргийг баримт, нотолгоотойгоор дүгнэн бичсэн байх нь ангийн ажлыг дүгнэх гол шалгуур болно. Багш ажлыг дүгнэхдээ ажлын агуулга, асуудлаа томьёолсон байдал, бүлэг хэсгүүдийн логик уялдаа холбоо, бичгийн ур чадвар, найруулга, сэдвийг болон судалгааны аргыг эзэмшсэн байдал, зорилгодоо хүрсэн эсэх зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг.

Эцэст нь ангийн ажил, рефератын бүтэц, форматын талаар цөөн хэдэн зүйлийг өгүүлье. Ангийн ажил болон рефератыг яг тийм бүтэцтэй байх ёстой гэсэн албан ёсны шийдвэр байдагүй боловч манай практикт тэдгээрийг удиртгал, 3 бүлэг, дүгнэлт хэсэг гэсэн бүтэцтэйгээр бичсэн нь түгээмэл байдалтай тааралддаг. Түүнчлэн ажлын ерөнхий агуулга /гарчиг/, ашигласан материалын жагсаалт, хавсралт материалуудыг заавал оруулсан байдаг. Удиртгал хэсэгт сэдвийн судлагдсан байдал, судлах шаардлага, шийдвэрлэх асуудал, ажлыг гүйцэтгэхэд ашигласан онол аргазүй, сэдвийг судалсан дараалал зэрэг зүйлсийг тусгах ба эдгээрийг тусгаж өгснөөр судалгааны хэсгүүд нь хоорондоо хэрхэн яаж холбогдож байгаа, үр дүн нь хаанаас яаж урган гарсан бэ гэдгийг ойлгоход хялбар болдог. Эдгээрийг нуршилгүйгээр товч тодорхой бичих шаардлагатай. Бүлгүүдэд сэдвийг судалсан байдлаа логик дэс дарааллын дагуу өгүүлдэг. Бүлгүүд гол төлөв дүгнэлт саналыг тайлбарласан шинжтэй байдаг. Дүгнэлт саналын хэсэг ажлын хамгийн чухал хэсэг нь юм, учир нь энд сэдвийн хүрээнд дэвшигдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тусгадаг. Тиймээс дүгнэлт саналын хэсэг нь товч бөгөөд тодорхой байх ёстой. Ангийн ажил, рефератын хамгийн сүүлд хавсралт хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой тоо баримт, статистикийн гүнзгийрүүлсэн тооцоонуудыг хавсаргадаг. Ажлыг бичих явцад үйлдсэн график дүрслэл, хүснэгт бүр нь тодорхой дугаартай, агуулгаа илэрхийлж чадах тодорхой гарчиг буюу нэртэй, мөр буюу багууд нь толгойтой, график ашиглаж буй нөхцөлд тусгай дүрслэлүүдийг харуулсан тайлбар зүүлттэй байна. Ашигласан тоон мэдээ баримт бүртээ эх сурвалжуудыг тодруулж нарийвчлан үзэх шаардлагатай. Их дээд сургуулиудын практикт тогтсон жишгээс үзэхэд ангийн ажлын хэмжээ нь бичгийн машинаар 24 мөрөөр эсвэл компьютерийн Ariel Mon фонтын 12 үсгийн шрифтээр бичсэн А4 хэмжээний 15-аас дээш тооны хуудастай байх ба үүнд хавсралт материалын хэмжээг оруулж тооцдоггүй. Ангийн ажил, рефератыг бичиж дуусгаад багшид хүлээлгэн өгөх ба багшийг уншиж танилцсаны дараа суралцагч нь багшид тухайн ажлыг хамгаалж дүгнүүлнэ. Дүгнэх журмыг тухайн багш тогтооно.

0 Сэтгэгдэл: