Monday, December 8, 2014



Зах зээлийн судалгаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, нийлүүлэлтийн байдал, бизнесийн нөхцөл боломж болон худалдан авалтын шийдвэр гаргалтын тухай мэдээллийг цуглуулах тасралтгүй үйл ажиллагаа юм. Энэ мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг шинжлэх үйл ажиллагаа нь зах зээлд худалдаалагдаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэгцээг хангаж байгаа эсэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн өөрчлөлт, шинэчлэлт хийх, худалдан авалтын нэмэлт үйлчилгээнүүд, урамшуулал, борлуулалтын сувгийн боломж, чадварыг сайжруулах зэрэг шийдвэр гаргахад ашиглагдана.

Зах зээлийн судалгааны төрөл

Зах зээлийн судалгаа нь хэрэглэгч, өрсөлдөгч, нийлүүлэгчийг хамарсан маш олон төрлийн судалгаануудыг хамруулна. Нийтлэг хийгддэг 20 гаруй төрлийн судалгаа байдаг ба үүнээс хамгийн түгээмэл хийгддэг дараах судалгаанууд байдаг.

1. Зах зээлийг тодорхойлох (Market Description Surveys):

Зах зээлийн хэмжээ, зах зээлийн хувийг тодорхойлох. Зах зээлийн өсөл, өрсөлдөөн зэрэг үндсэн мэдээллүүдийг түгээх.

2. Зах зээлийн сегментчилэл хийх (Market Profiling-Segmentation Surveys):

Хэрэглэгч, хэрэглэгч бус хүмүүс, яагаад эдгээр хүмүүс танай үйлчлүүлэгч биш байгааг тодорхойлох. Хэрэглэгчийг сегменчлэл хийж, зах зээлийн шинж байдлыг тодорхойлох.

3. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа (Customer Attitudes and Expectation Surveys)

Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хүлээлтэнд нийцэж байгаа эсэх. Бүтээгдэхүүн болон компанийн тухай хэрэглэгчийн хандлага. Зар сурталчилгаа, хэрэглэгчийн хуваарилалт, үнэнч байдал зэргийг судлах.

4. Шинэ бүтээгдэхүүнийг хүлээн авах, эрэлтийн судалгаа (New Product Acceptance and demand surveys)

Шинэ бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, багтаамж, бүтээгдэхүүний дүр зургийг гаргах.

5. Брэндийн судалгаа (Brand Equity Surveys)

Тухайн брэндийн зах зээлд болон хэрэглэгчид байршиж буй үнэ цэнэ, брэндийг мэдэх байдал, брэндийн чанар, брэндийн үнэнч байдал зэргийг тодорхойлох.

6. Зар сурталчилгааны медиа, мессежний үр ашгийн судалгаа (Advertising Media and Message Effectiveness Surveys)

Бүтээгдэхүүний мэдээлэл, туршилтын хэрэглээ, дахин худалдан авах байдалд зар сурталчилгааны үлдээж буй сэтгэгдэл, мэдрэмж, үр ашигтай байдлыг үнэлэх.

7. Борлуулалтын сувгийн судалгаа (Sales lead generation Surveys)
8. Хэрэглэгчийн үйлчилгээний судалгаа (Customer Service Surveys)

Хэрэглэгчийн үйлчилгээний чанар, үйлчилгээг үзүүлж буй мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан, стандартын үнэлгээ хийх.

Дээрх зах зээлийн судалгааг хийхийн тулд зах зээлийн судалгаа хийх үндсэн ойлголтыг мэддэг байх хэрэгтэй. Иймээс та бүхэнд Зах зээлийн судалгаа хэрхэн хийх вэ? нийтлэлийг хүргэж байна.

Зах зээлийн судалгаа нь ямар төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ танд ашиг авчрах талаар бизнесийн зургийг харахад туслана. Аль хэдийн зах зээлд байршсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд зах зээлийн судалгаа нь эдгээр бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтэнд нийцэж байгаа эсэх талаар мэдээллээр хангана. Судалгаа хийх нь жижиг бизнес эрхлэгчийн хувьд савлагааны дизайнийг солих, хүргэлтийн аргыг өөрчлөх эсвэл нэмэлт үйлчилгээ санал болгох зэрэг мэдээллийг хүлээн авахад туслана.

“Бизнесээ эхлээс өмнө эсвэл үйл ажиллагаа явагдаж байхад судалгаа хийхгүй байх нь Техасаас Нью Йорк хүртэл газрын зураг, замын тэмдэггүйгээр машинаар зам туулахтай адил” гэж Wealth Design Group ХХК-ийн захирал William Bill хэлсэн байдаг. Тэрээр “Та аль зүг рүү хэр хурдтай явахаа мэдэх хэрэгтэй. Ингэхийн тулд маш сайн зах зээлийн судалгаа нь таныг хаана байгааг хэлж, хэрэглэгч нар чинь хэн бэ гэдгийг мэдэхэд туслана. Мөн судалгаа нь хэрэглэгч хэзээ бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах вэ гэдгийг хэлж өгдөг.”

Зах зээлийн судалгааг шинээр бизнес эхлэх, зах зээлийн төлөвлөгөө боловсруулах эсвэл одоогийн байгаа төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэмжихэд ашиглаж болно. Тийм учраас зөв асуултыг, зөв аргаар, зөв хүмүүсээс асуух хэрэгтэй. Муу судалгаа бизнесийг буруу чиглэлд хөтөлж болдог учир алдаанаас урьдчилан сэргийлэхэд туслах зах зээлийн судалгааны үндсэн ойлголтуудыг хүргэж байна.

Зах зээлийн судалгааны төрөл

Анхдагч судалгаа: Анхдагч судалгааны зорилго нь одоогийн байгаа борлуулалт, одоогийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шинээр цуглуулж анализ хийх явдал юм. Энэ судалгаанд өрсөлдөгчийн мэдээлэл ч мөн ашиглагдаж болно.

Анхдагч судалгааны мэдээлийг дараах эх сурвалжаас цуглуулж болно.

Ярилцлага (утсаар эсвэл нүүр тулсан)
Судалгаа (онлайн эсвэл э-майл)
Санал, асуулга (онлайн эсвэл э-майл)
Фокус группын судалгаа болон шууд санал хүсэлт авч болох хэрэглэгчийн түүвэр судалгаа

Хэрэглэгчээс асуух зарим чухал асуултууд


Энэ бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад харгалзаж үзсэн хүчин зүйл юу вэ?
Одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээний таалагддаг болон таалагддаггүй зүйл юу вэ?
Бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сайжруулах зүйлс юу байна вэ?
Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирсон үнийн дүн хэд байх хэрэгтэй вэ?

Хоёрдогч судалгаа: Хоёрдогч судалгааны зорилго нь өмнө нь хэвлэгдэж, нийтлэгдсэн мэдээлэлд шинжилгээ хийх явдал юм. Хоёрдогч мэдээлэл нь өрсөлдөгчийг тодорхойлох, зах зээлийн жишиг тогтоох, зорилтот сегментийг тодорхойлоход туслана. Зорилтот сегмент нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдахыг хүсч буй хүн ам зүйн үзүүлэлтүүд, амьдралын хэв маяг, зан чанар, нас зэрэгт нийцсэн бүлэг хүмүүс байна.

Мэдээлэл цуглуулах

Өөрийн хэрэглэгч, бүтээгдэхүүн-үйлчилгээ, зах зээлийг ойлгохгүйгээр ямар ч жижиг бизнес амжилтанд хүрэхгүй. Өрсөлдөөн ширүүн байдаг тул судалгаа хийснээр өрсөлдөгчөөс ялгарах давуу талаа олж мэдэх боломжтой.

Мэдээлэл цуглуулах 2 төрлийн арга бий: тоон болон чанарын. Тоон арга нь математик, статистикийн анализыг ашигладаг ба их хэмжээний түүврийн хэмжээ шаардана. Энэ мэдээллийн үр дүн нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаануудыг бий болгодог. Тоон мэдээллийн үр дүнг олж болох нэг эх сурвалж нь вэб сайт байдаг.

Чанарын арга нь тоон аргын судалгааны үр дүнг шалгах, хянах, нарийвчлахад туслана. Бизнес эрхлэгчид асуудлыг тодорхойлоход туслах бөгөөд хэрэглэгчийн санал хүсэлт, үнэ цэнэ, итгэлцлийг мэдэхийн тулд ихэвчлэн ярилцлагын аргыг ашигладаг. Чанарын аргын хувьд түүврийн хэмжээ ихэвчлэн бага байдаг.


Ихэвчлэн гаргадаг Маркетингийн Алдаанууд
Зөвхөн хоёрдогч мэдээллийн судалгаа хийх. Бусдын хийсэн судалгааны үр дүнд бүрэн итгэх нь зах зээлийн тухай бүрэн зургийг таньд өгч чадахгүй. Хоёрдогч мэдээлэл нь судалгааг эхлэн мэдээлэл авахад тохирох боловч энэ төрлийн мэдээлэл хуучин байх хандлагатай байдаг. Зөвхөн хоёрдогч мэдээлэлд итгэх нь таны бизнест чухал зарим хүчин зүйлийг орхигдуулж ч мэднэ.
Зөвхөн вэб эх сурвалж ашиглах. Вэб хайлтыг ашиглан мэдээлэл цуглуулж байгаа үед зөвхөн олон нийтэд хүргэдэг мэдээлэл цуглуулах боломжтой бөгөөд заримдаа эдгээр мэдээлэл нь үнэн зөв гэдэгт итгэхэд хэцүү. Судалгааны төсвийн хүрээнд тохирсон нарийн судалгаа хийхийг хүсвэл номын сан, коллеж камп, эсвэл жижиг бизнесийн төвүүдийг ашиглан мэдээлэл цуглуулж болно.
Зөвхөн мэддэг хүмүүсээс судалгаа авах. Жижиг бизнес эрхлэгчид заримдаа зөвхөн гэр бүлийн гишүүд, ойр дотно найз нөхдийг судалгаанд хамруулах хандлагатай байдаг. Гэхдээ гэр бүл, найз нь тохирсон судалгааны нэгж биш юм. Илүү үнэн бодит, хэрэгтэй мэдээлэл авахын тулд жинхэнэ хэрэглэгчтэй ярилцаж тэдний хэрэгцээ, хүсэл, хүлээлтийг мэдэх шаардлагатай

0 Сэтгэгдэл: