Friday, August 2, 2013


Cонин содон байдлаар тоноглож чимэглэсэн, эсвэл хэрэглээнээс гарчихсан 1960-аад оны үеийн загварын автомашин хотын гудамжаар зорчиж олны нүднийг хужирладаг болсон. Гэвч тэдний дийлэнх нь баруун Европын аялагчид байдаг. Манай гэрэл зургийн сурвалжлагч “Made in Mongolia” гэсэн бичиг бүхий өвөрмөц загварын суудлын автомашины дүрсийг дурандаа буулгажээ. Ингээд Монголд үйлдвэрлэсэн гэх автомашины бүтээгч В.Дашнямтай ярилцлаа.

-Монголд үйлдвэрлэв гэсэн бичгийг хараад сонирхол татлаа. Та энэ автомашиныг өөрөө зохион бүтээсэн юм уу?
-Тийм ээ. Өөрөө энэ суудлын автомашинаа зохион бүтээсэн юм. Монголд автомашины загвар, хэв маягийг нь өөрчилж унаж буй хүмүүс олон бий. Гэхдээ миний автомашиныг хараад тийм машиныг өөрчлөөд хийчихэж гэж хэлэх хүн гарахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл зохион бүтээх боломжгүй төхөөрөмжүүдийг бэлэн юм авч ашигласан гэсэн үг л дээ. Автомашины дотоод шаталтын сэнс, хөдөлгүүр шаариг, цааба, гээд нарийн тоног төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэхгүй. Бүр 10-ын боолт хүртэл байхгүй.

-Загварыг нь харахад Европын суудлын автомашинтай адилхан харагдаж байна. хаанаас санаа авч хийсэн бэ?
-Баруунд Европ, Америкад 1920-1935 онд үйлдвэрлэсэн ford-coupe гэдэг загвараар хийсэн. Би өөрөө классик загварыг илүүд үздэг хүн. Тиймээс миний автомашин ч гаднаас нь харахад классик загварынх боловч хурдны мотортой.

-Автомашинаа зохион бүтээхэд хэр хугацаа зарцуулав. Туслагч чинь ямар хүн байсан бэ?
-Туслагч байхгүй ээ. Би ганцаараа долоон сар гаруй хугацаанд нухлаа. Яг шинэ жилийн дараагаас бүх тооцооллоо гаргаад энэхүү төмөр хүлгээ хийх санаагаа буулгаж ажиллаж эхэлсэн. Гэнэт нэг өдөр машин хийе гээд бүтээгээгүй юм шүү. Өмнө нь бодож боловсруулж, төсөөлж байсан гэсэн үг. Сэтгэлдээ бол аль хэдийн хийчихсэн үүнийгээ унаад явж байлаа шүү дээ.

-Хэдэн төгрөгийн өртөгөөр энэ автомашин босов. Классик загварынх гэж та тодорхойлж байна. Үнэлгээ нь хэд орчим төгрөгт тусах бол?
-Үүний өөрийнх нь боссон өртөг 10 сая орчим төгрөгт багтсан. Яагаад гэвэл явж байсан автомашин задалж моторыг нь авсан. Мөн спорт дугуй гэхэд 1.5-2.0 сая төгрөгөөр авах жишээтэй. Одоо хөгжим л дутуу. Тэгээд өөрийн хөдөлмөрийн хөлс хэд болох юм мэдэхгүй юм.Одоохондоо нарийн үнэлгээ тогтоогоогүй.

-Автомашин сонирхогч, эсвэл цуглуулагч хүн таниас бүтээсэн автомашиныг чинь авья гэвэл та өгөх үү?
-Үнэхээр сонирхвол болохгүй нь юу байхав. Цуглуулагч хүний цуглуулгад ороод чимэг болбол сайхан л байна.

-Техник гэдэг аюулгүй байдал чухал байдаг. Таны автомашин аюулгүй ажиллагааны зүгээс хэр шаардлага хангасан бэ?
-Аюулгүй ажиллагааны хувьд суудлын бүс хийчихвэл бусад зүйл асуудалгүй гэж баттай хэлж чадна. Хүндийн төв нь доороо, рам нь зузаан төмрөөр хийсэн. Ер нь бол суудлын бүс хийчихвэл болчихно. Би автомашинаа хийгээд аюулгүй ажиллагаагаа хангасны дараа хотын хөдөлгөөнд оролцсон гэж хэлж болно.

-Одоохондоо улсын дугааргүй юм байна. Замын хөдөлгөөнд оролцоход ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй байна уу?
-Одоохондоо зогсоож, дугаар шалгасан юм алга. Байнга нийслэлээр унаад явахгүй болохоор улсын дугаар авах талаар хөөцөлдөөгүй л байна. Нийслэлийн Авто тээврийн газраас өгөх юм болов уу, яаж шийддэг юм бол гээд бодож л байна. Уг нь гадны улс оронд өөрсдөө үйлдвэрлэсэн аюулгүй гэдэг талаасаа иймэрхүү автомашин ямар ч асуудалгүй чөлөөтэй явуулдаг юм билээ. Манайд харин яаж шийддэг бол.

-Би бас мэдэхгүй байна. Та бичиг баримтаа бүрдүүлээд лавлаж асуугаад үзвэл болох байх.Аюулгүй ажиллагаа талаасаа та ямар ч асуудалгүй гэж ярьсан. Автомашины оношлогоонд оруулсан уу?
-Оношлгоонд ороогүй. Гэхдээ орвол ямар ч асуудалгүй тэнцэх байх гэж бодож байна.

-“Chaser”-ийн мотор тавьсан гэхээр хурд хүчний хувьд ялгаагүй гэсэн үг үү. Ижил машинтай хурд хүчийг нь харьцуулж үзсэн үү?
-Тэгэлгүй яахав. Бензин зарцуулалтын хувьд ижилхэн. Харин хурд хүчний хувьд илүү гэж хэлж болно. Учир нь өөрөө хөнгөн учраас “Chaser”-тэй уралдахад миний машиныг гүйцэхгүй байна лээ.

-Анх автомашин бүтээнэ гэхэд чинь гэр бүл найз нөхөд нь хэр хүлээж авсан бэ. Эсэргүүцэлтэй тулгарч байв уу?
-Найз нөхөд, таньдаг хүмүүстээ хэлэхэд хүлээж аваагүй. Олон гоё автомашин байхад заавал өөртөө ажил болгож машин хийнэ гэж юу байсан юм бэ, бүтэхгүй л гэж зөвлөсөн. Гэр бүлийн зүгээс ч бага зэрэг эсэргүүцэлтэй нүүр тулсан. Гэвч эцсийн үр дүнд ээж, гэр бүлийн хүн хоёр минь дургүйцсэн ч цаагуураа дэмжээд, ядрав гээд л хоол унд зөөгөөд гүйсэн дээ.

-Аливаа зүйлийг хийхэд саад бэрхшээл багагүй тохиолдож шантрах үе хүртэл гардаг. Таны хувьд хэцүү зүйл тулгарч байв уу?
-Өөрийнхөө сонирхлоор бүтээсэн учраас шантрах зүйл гараагүй. Харин төхөөрөмж нь байхгүй болохоор жаахан хүндрэл гарсан гэх үү дээ.
-Монголд машин үйлдвэрлэлээ шүү дээ. Та дараагийнхаа машиныг зохион бүтээнэ гэсэн бодол байна уу?
-Байлгүй яахав. Бас л төсөөлөөд хийгээд эхэлчихсэн. Бикаб гээд ачааны загварын жийп хийе гэж бодож байгаа. Бас л дээр үеийн классик загвартай автомашин шүү дээ.

Г.Туяа эх сурвалж :Монгол Улс фб

0 Сэтгэгдэл: