Friday, March 22, 2013



ДАРХАН Д.АЛТАНГЭРЭЛ: СОНИРХДОГ АЖЛАА Л ХИЙЖ АМЬДРАХ
ХЭРЭГТЭЙ
Монголчууд тохсон эмээл, барьсан хөөргөөрөө уралддаг. Дээхэн үеийн Дарьганга, Бага норовын хийц улам л үнэд орж буй. Энэ цагт бэл зузаантай баячууд дархны сайн, хийцийн гоёмсгийг шилэх болсон. Нэр бүхий баячууд Дамбын дархан гэж алдаршсан Алтангэрэлийнд л цуглардаг аж. Ерөнхийлөгчийн мөнгөн аягууд, Бат-Эрдэнэ аваргын эмээл, ёкозуна Дагвадоржийн хэт хутгыг хийсэн гээд тоочвол багагүй урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Ингээд энэ бүхнийг бүтээсэн Атгангэрэл дархнаас цөөн зүйл тодрууллаа.
-Томчууд баячууд таниар л элдэв эдлэл, гоёл чимэглэлээ хийлгэдэг гэх юм. Ерөнхийлөгч хүртэл өөрөөр тань 10-аад аяга хийлгэж авсан. Үнэ өртгийн хувьд та хэр чанга дуугардаг вэ?



























-Үнэ өртгийн хувьд хийц, хичнээн лан мөнгө орсон зэргээс л шалтгаална. Мэдээж боломжийн амьдрал ахуйтай, мөнгө төгрөггэй хүн л хийц сайтай эдлэл хэрэглэл хийлгэх захиалга өгдөг. Хүмүүс намайг Эмээлийн Алтангэрэл гэдгээр нь илүу сайн мэддэг юм билээ. Яахав, аяга нэлээд хийсэн. Хамгийн багаар бодоход миний нэг аяга 800000-аар гардаг. Энэ бол дундаж ханш. 2 сая, 3 саяын аяга ч бий. "Макс импекс"-ийн Ганбаатар томхон аяга хийлгэж аварга Дагвадоржид бэлэглэсэн. Дуучин Ариунаагийн нөхөр мөн иймэрхүү аяга хийлгэж эхнэртээ бэлэглэсэн. Ерөнхийлөгч 10-аад аяга захиалж хийлгэсэн. Тэдээр эдээр хийсэн гэж яриад яахав. Мэдээж боломжийн үнээр хийсэн.
Би нэлээд олон эмээл хийсэн хүн. Түүн дотроо 4 эмээлийг онцолж ихээхэн чармайж хийсний нэг нь Бат-Эрдэнэ аваргынх. Нөгөөг нь "Сүү өгөөж"-ийн захирал Цандэлэг авсан. Миний хуучны эдлэл зардаг найз нэгийг нь авсан. Сайн эмээлийг 8000 доллар тоолоод авах хүмүүс олон байдаг. Хамгийн гол нь би хэзээ ч эдлэл хийчихээд заръя гэж явж байгаагүй. Хүмүүс нэгнийхээ хийлгэснийг үзээд захиалдаг. Ер нь хараад байхад аяга цуглуулах хоббитой хүмүүс шинэ хийц сонирхож авах нь элбэг байдаг.
-Монголд хамгийн олон аягатай хүнийг та нэрлэж чадах уу?
-Баянхонгор аймгийн Шарав гэж хүн байдаг. Тэр хүн 250 аягатай гэж сонссон. "Макс импекс"-ийн Ганбаатар аяга цуглуулдаг.
-Хүмүүс уран дархны хийц танихаас оорийг нь тэр бүр таньдаггүй. Та аль нутгийн хүн бэ? Танай удамд нэртэй дархчуул олон байсан уу?
-Би Сэлэнгэ аймгийн харъяат. Зүүнхараагийн сангийн аж ахуй гэж  байсан одоогийн Мандал сумын уугуул. Манай ээжийн талынхан урчуул олонтой байсан. Ялангуяа эмээ гайхамшигтай уран хүн байсан юм гэсэн. Миний ээж бол дээл хувцсаа сайхан оёчихдог хүн. Аавын талд ур дүйтэй хүн ховор.
Би Ардын зураач, төрийн шагналт Одон гэж маш том хүний шавь юм. УБИС-ийн уран зургийн анги төгссөн. Надад удам дагасан жаахан авьяас байсан бол түүнийг эрдэм болгож, мэргэшүүлж өгсөн хүн бол миний багш.
Ер нь ямар ч улс оронд очиход нутгийн дархчуулын хийсэн эдлэл тэр улсын өнгө төрхийг илчилдэг. Костюм өмссөн хүний дэргэд сайхан монгол дээл дээр хийц сайтай хэт хутга, бүс зүүсэн хүн хичнээн нүнжигтэй харагдахав.
-Таны өдрийг орлогыг хэмжих боломжтой юу. Байнгын захиалгатай байдаг, чамлахааргүй ханшаар эдлэлүүдээ зардаг гээд бодоход таныг баян хүн гэж ойлгож болно биз дээ?
-Дундаж түвшинд л амьдарч байна. Хуний өмсдөгийг өмсч, иддэгийг идээд бусадтай л адил амьдардаг. Ер нь би хүнээс ялгарч харагдах дургүй. Хүмүүсийн хэл ам, атаа жөтөө хэцүү ш дээ. Манайхны атаархуу зан их хэцүү. Сайн яваагаа хэзээ ч дэмждэггүй. Уг нь нэг хүн сайн явбал нэлээд хэдэн хүнийг тэтгэж явдаг юм даа.
-Таны бүтээлүүдээс гадаадад өндөр үнээр худалдагдсан эдлэл хэр олон бэ?
-Байлгүй яахав. Гэхдээ тэр болгоныг тэгсэн ингэсэн гэж тоочоод яахав. Сонин болгож ярихад дээхэн үед намайг Улсын төв музейд дархан байхад нэг польш хүүхэн ээмэг хийлгээд зуун хэдэн доллар өгч байсан юм. Тэр үед оюутан байсныг ч хэлэх үү, их л үнэтэй ээмэг хийсэн санагддаг.
-Загасчны морь усгүй гэдэг. Таны эдлэл хэрэглэлийг сонирхвол ямар вэ? Өөрийнхөө хийсэн эдлэлийг хэрэглэдэг үү? Өөр дархны урыг сонирхлог уу?
-Нээрээ л загасчны морь усгүй гэдэг шиг би өнөөдөр цай уух ч аягагүй хүн. Хүүтэйгээ нийлж хийсэн 2-3 хундага л байдаг юм. Өөртөө юм байлгах үндэс бараг байдаггүй дээ. Аяга байлаа гэхэд л гэнэтийн хурим найр боллоо гээд хүнд барьчих жишээтэй. Ингээд байхаар хүнд яаж юм тогтохов дээ.
-Нууц биш бол танд байгаа хамгийн үнэтэй эдлэл юу вэ?
-Авгай, дөрвөн хүүхэд минь л надад байгаа хамгийн үнэтэй зүйл юм даа. Би алдарт уяач Ононгийн галд морь уядаг юм. Хар багаасаа хурдны морь унаж өссөн болохоор моринд их хорхойтой. Яахав, удам, угшил сайтай морьд цуглуулах хоббитой гэх үү дээ. Гурван азарга адуу бий. Үүнээс өөр нэрлэж тоочоод байх юм надад байхгүй.
Энэ дархан юм чинь хурааж хумисан хатуу юм байж л таарна гэдэг ч юмуу илүү бодох шаардлагагүй. Үнэхээр сонирхолтой учраас л би дарх хийсээр ирсэн. 80-аад оны үед ид захиргаадалтын үе биднийг дарх хийлгэдэп үй байлаа. Ямар сайндаа оюутан байхдаа найзуудтайгаа нийлж юм хийхдээ нохойгоо сул тавьж. хөнжлөөрөө цонхоо битүүлчихээд хийдэг байлаа. Хэрэв мэдэх юм бол цагдаа нар хаанаас цагаан мөнгө авсан, наана цаана гээд бөөн асуудал үүсдэг хэцүү үе байсан. Мэдээж амьдралын шаардлагаар ганц нэг бөгж хийж зарна. Ил бариад явж чадахгүй. Хуруундаа зүүж пиджакаараа халхалчихаад хөдөөний, авчихмаар царайтай хүн харагдвал бөгжөө харуулна, дохио зангаагаар авч өгөхөө тохиролцвол бушуухан шиг мөнгө төгрөгөө авалцаад зугатах шахам холддог тийм л байлаа шүү дээ.

0 Сэтгэгдэл: