Wednesday, March 27, 2013


      
   ШОУ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Н.АЛТАНГЭРЭЛ: НЭГ ТОГЛОЛТООС 3 САЯЫГ ОЛДОГ
Тэрээр 130 гаруй шоу гоглолт хийсэн. Манайд явагдаж байгаа бараг бүх шоуны ард энэ хүн зогсож байдаг ч нэг ч удаа ил гарч ирээгүй юм. Түүгээр тоглолтоо зохион байгуулгахыг дээр дооргүй хүсдэг ч мөрөөдөл нь талаар болох нь энүүхэнд. Учир нь тэрээр наашаа харсан болгонтой найзлаад байдаггүй гэнэ. Нэг тоглолтоос дор хаяж 3 саяыг унагадаг тэрээр нэг удаа 300 мянгын ашиг олж «шатсан» аж. Ингээд түүний анхны ярилцлагыг танд хүргэж байна.
-Та монголын анхны шоу менежер. Урлагийнхан дотроо таныг шоуны «нууц ноёнтон» гэдэг юм билээ?
-Шоу урлаг Монголд хөгжөөд удаагүй байгаа. Яг төгс төгөлдөр хогжих цаг нь нэлээд хожуу орж ирсэн. Монголын анхны «Улаанбаатарын үдэш» гэдэг шоуг би 1995 онд хийж байсан. Дараа нь 1996 онд Дэндэвийн Пүрэвдоржийн "Сэгс цагаан богд" шоуг рекламгүй шахам хийж байсан. Миний үед урлагийн бие даасан тоглолт энэ тэр гэж байдаггүй байлаа. Сараагийн анхны бие даасан тоглолтыг МҮЭСТО-нд хийж байсан. Тэрнээс хойш 130-аад шоу тоглолтыг нэр бүхий хүмүүсгэй хамтарч хийлээ. Хамгийн сүүлд Батсүх гуайн тоглолтыг хийсэн. Уран бүтээлийн тайлан тоглолт хамгийн хэцүү нь
-130-аад тоглолт хийжээ. Ямар тоглолтууд хийсэн юм бэ. Нэрлэвэл манай уншигчдад сонин байх?
-«21 гавъяат», «Зууны алдартнууд», "Уянгын дуу" зохиолын дууны тоглолгууд байна. «Алтан намар» хөгжмийн наадам, «Морин хуур»-ын нэгдсэн тоглолтууд байна. «Дорнын монгол аялгуу», «Багшийн алдар» гээд зохиолын дууны бүх тоглолт, шоунууд бол миний л уран бүтээл.
-Ийм олон тоглолт зохион байгуулан, шоу менежерээр гаршчихаад яагаал ил гарахгүй өдийг хүрэв?
-Би сайн муу хэлэгдэх юмнаас их айлаг юм л даа. Яагаад гэхээр миний найз нөхөд голцуу гайгүй нэр алдартай хүмүүс байдаг. Одоогоос хоёр жилийн өмнө Ухнаа гуай нэг сонинд ярилцлага өгсөн байсан. «Бүх шоу тоглолтын цаана байдаг хүн бол Алтангэрэл» гэж хэлсэн. Сүүлийн үед би тайзныхаа ард  үлдэх гээд байдаг болчихсон байна лээ. Тэгсэн ч гэсэн манай уран бүтээлчид миний манерыг анддаггүй юм шиг байгаа юм. «За энэ бол Алтангэрэлийн тоглолт болж байна даа» гэдгийг мэдчихсэн байдаг.
    -Та яагаад зохиолын дуучидтай хамтарч ажиллах дуртай байдаг юм бэ?
-Зохиолын дуучид маань мэргэжил боловсрол сайтай, диктатуртай нөхцөлд өөрсдийн хүч авъяасыг гаргаж ирсэн хүмүүс учраас маш их ухамсартай. Тоглолт хийх нь ард түмэнд хэрэгтэй, тав арван төгрөг нь энэ хүнд хэрэгтэй, бас түрээслэж байгаа газарт нь хэрэгтэй гэдгийг ойлгодог учраас би эд нартай хамтарч ажиллах дуртай.
     -Нэг шоунаас ойролцоогоор хэдэн төгрөг өвөртөлдөг вэ?
-Сайн хийж чадах юм бол шоу гэдэг чинь хамгийн сонгодог бизнес. Өнөөдөр би Монголд хамгийн олон шоу хийснээрээ жигтэйхэн баян хүн байх ёстой. Гэхдээ би өөрийгөө тийм баян гэж хэлэхгүй. Би өнөөдөр унъя гэсэн унаагаа унадаг, авъя гэснээ авчихдаг, хаана ч гэсэн очоод суучихдаг тийм л хэмжээнд байна.
-Манайд шоу хийх зах зээл байдаггуй юу?
-Манайх чинь угаасаа зах зээл бага л даа. Хошин урлагийг нэг хэсэгтээ хүмүүс үзээд л байна. Гэтэл одоо драмын жүжиг рүү тэмүүлдэг боллоо. Хошин урлагийн уран бүтээлчдэд жаахан шүүмжлэлтэй хандах юм бий. Ямар ч чанаргүй уран бүтээл хийдэг. Тэр нь хүнд ерөөсөө үлдэцгүй. Их явуургүй гэдэг нь мэдэгдээд байгаа юм. Гудамжны марзганал болчихсон...
-Таныг янз янзын хүүхнүүдтэй их холбодог. Миннй мэдэхийн топ модель Болормаатай учиртай гээд л бичсэн
-Болормаа бид хоёр бол их сайхан найзууд. Болороо сүүлд нь сониноор тайлбар өгсөн байна лээ. Болормаагийн талаар бол ярих юм байхгүй. Эмэгтэй хүн мөртлөө тэр өндөр оргил өөд хүрч чадсан учраас би их дэмждэг. Тэгээд яахав дээ. Энэ хэл амнаас болоод эхнэр хүүхэд хоёроосоо тусдаа амьдарч байгаа шүү дээ. Салсан гэж хэлж болно доо. Тэгэхлээр шоу гэдэг бол цагаан бизнес биш, бас хар мөртэй л дөө. Их хэл аманд орооцолдоно. Намайг энэ уран бүтээлчидтэй холбож харддаг нөхдүүд олон бий.
    -Ер нь нэг шоунд хэдэн төгрөг хаяж хэдийг олдог вэ?
-Уран бүтээлчидтэй хамтрах юм бол ашгийн 50 хувь л гэж тооцдог. Өөр тоглолтон дээр бол арай гайгүй. Дор хаяж 2-3 сая төгрөг бол байж л байх. Шоу шатах юм бол их том шатна. Олох юм бол боломжийн олдог л бизнес. Тэгэхдээ хаана хийх вэ, хэн үзэх вэ, ямар үнээр билетээ борлуулах вэ, рекламаа телевизээр ямар үед нь цацах вэ гээд л маш нарийн. Би сүүлийн үед, туршлага суугаад шатах гэсэн ойлголт байхаа больсон. Ер нь шоуг сайн менежер л авч явдаг. Ноднин надад 13 хүний «миний тайлан тоглолт, уран бүтээлийн шоуг хийж өгөөч» гэсэн урилга ирсэн. Гэхдээ би тэр бүрийг хүлээж аваад байдаггүй. Хувь хүний уран бүтээлийн тоглолт хийгээд шатаж байсан учраас тэр. «Та нарт ерөнхий заавар зөвлөгөө хэлээд өгье» л гэдэг.
    -Хамгийн орлоготой шоу тань?
-Би «Зуун зууны алдартнууд» тоглолтыг Бөхийн өргөөнд хийж, 8 сая төгрөг олсон. Гэхдээ нэг шоунаас би 300 мянгыг олж байсан. Тэр л миний хамгийн бага орлого байсан.
-Манай шоунууд гадаадын шоуны зиндаанд хүрэх дөхөж байна гэж ярьцгаах болж. Үнэхээр ийм гэрэл гэгээ харагдаж байна уу?
-Нэг гоё шоу хийе гэхэд тайзаа засахаас өгсүүлээд, хувцас хунараараа дэлхийн жишигт нийцэх хэрэгтэй. Ийм сайн уран бүтээл хийе гэхээр болдоггүй. Угаасаа нийгэм нь их ядуу. Өнөөдөр тоглолтыг 20 доллар ч юм уу, 50 доллароор үздэг байсан бол дэлхийн хэмжээний тоглолт хийж болж байна. Гэвч тийм үнээр үзэх хүн Монголд байхгүй.
    -Тэгвэл танд гадаадад гарч ажиллах бодол бий юу?
-Үгүй. Гэхдээ Монголд хичнээн сайхан юм хийе гэж бодсон ч бүтэхгүй. Компаниуд хэдийгээр спонсордъё гэдэг ч тоглолтын дараа заавал мөнгөө эргүүлж авдаг. Хүү муу авиа ч гэдэг.
Би монголдоо Алла Пугачёваг авчирчих юмсан л гэж боддог юм. Тэгвэл Монголын анхны шоу менежер болсны гавъяа болох юм. Би бүх тал дээр ажиллаж байсан. Хошин шог, театрынхан, эстрадынхан, дуурийнхан, ардын дуу бүжгийн чуулгынхан гээд бүгдтэй нь хамтарч ажиллаж байсан. Тийм болохоор бодож явдаг юмаа хэрэгжүүлчихэж чадна гэж бодож байгаа.
-Манайхан гадаадын нэлээд олон дуучдыг авчирч шоу хийлээ. Энэ үнэхээр ашигтай байж чаддаг юм уу?
-Манайх чинь маш их эрслэлтэй. Цэнгэлдэх хүрээлэн гэхэдл яг тоглолтонд зориулагдсан биш. Үзэгчид ч бас ядуу. Хаа байсан АНУ-гаас хамтлаг, дуучин авчираал 5 мянгаар тоглуулна гэвэл ямар ч ашиг алга. 20 мянгаар хэдэн хүн үзэх вэ. Манайд цаг агаарын хүндрэлээс авахуулаад их саад байна л даа. "Виагра"-г хөлдөөж алах дөхсөн. Тэд чинь концертоо хам хум дуусгаад, бүр зугатаагаад явсан ш дээ.
Хямдхан үнээр олон хүн үзүүлбэл ашигтай л байдаг. Буянгийн Жагаа Вонеу М-г авч ирээд санаанд багтмаагүй их орлого олсон юм биш үү. Яахав Жагаа бол өөрөө хөгжмөө гаргачихсан байна. Гэрлээ гаргана, дээрээс ч, компаниа сурталчилж байна. Тэр утгаараа магадгүй Жагаад ашигтай байсан байж болно. Ашиг оллоо л гэдэг ч шатаж ч байгаа юм бил үү. Хүмүүс юм чинь бас нууна ш дээ. Монголчууд их нэрэлхүү учраас шатсан ч шатаагүй ээ гээд л инээгээд зогсож байдаг. Улс орон доройтоод байхад ч инээгээд...
-Нэг уран бүтээлч өнөөдөр өөрийн бие даасан тоглолтоо хийе гэхэд дунджаар хэдэн төгрөгтэй байх ёстой вэ?
-Хамгийн багаар бодоход л 5 сая төгрөгтэй байж л тоглолт хийнэ. Хүмүүс шоуг амархан юм шиг санадаг. Хэдэн хүмүүс авч ирж зогсоож байгаад л, телевизээр хэдэн реклам цацаад л хүн үзчихдэг юм биш. Асар их мөнгө хэрэгтэй байдаг. Би анх Монгол Бөхийн өргөөний нээлтийн тоглолтыг хийж байхад «21 гавьяат»-ын тоглолтыг 2 удаа хийхэд үзэгч пиг дүүрэн байсан.
-Та яагаад эстрадынхан, хип хопынхонтой хамтарч тоглолт хийдэггүй юм бэ?
-Эстрадынхантай би хамтарч ажилладаг. Гэхдээ яагаад ч юм бэ манай эстрадынхан чинь жаахан эрт биеэ тоочихсон, хатуухан хэлэх юм бол боловсрол талдаа нимгэн хүмүүс байдаг. Би тийм биеэ тоочихсон ихэмсэг бардам, шалихгүй хүмүүст их дургүй л дээ. Би тэгдэг юм. «Та нар хэн юм? Өнөөдөр хэн болчихоод тэгж байгаа юм. Ямар ч гавъяа байгуулж чадаагүй, зүгээр нэг дуулчихаад өөрсдийгөө өндөрт бодчихсон. Тэгээд л ард түмнээс мөнгө шулж байгаагаа мэдэхгүй» гэдэг. Би тийм хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас тэднийг од мод гэхэд би инээд хүрдэг юм. Би үнэхээр бүгдийг нь үгүйсгэж чадаж байна. Тэд нар өнөөдөр тэгж биеэ тоох болоогүй. За яахав Сараа, Ариунаа, Жаргалсайхан нарыг бол би үнэлдэг. Гэхдээ од гэж хэлэхгүй байж болохоор хүмүүс. Гэтэл зохиолын дуучид бол олон жил ажиллаад үзчихсэн, юмыг амархан хүлээж авдгаараа урамтай л даа. Харин рок-попынхон тэдэнд атаархаж, узэн ядаж эхэлсэн.

0 Сэтгэгдэл: